Миний бодлоор "Үйлдлийн системийн онол" гэсэн энэ хичээл хамгийн анх КтМС-д заагдаж эхэлсэн болов уу. Учир нь намайг оюутан болж байх үед яг програм зохиогч мэргэжлээр сургалт явуулдаг ганц л сургууль байсан санагдах юм.
Оюутан байх үедээ би "Үйлдлийн системийн онол" хичээлийг Ариунбат багшаар заалгасан. Энэ багш маань 1992 - 1997 онд КтМС-д багшилж байгаад ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан ба би шинэхэн багш болж энэ хичээлийг авсан. Ариунбат багш маань ХБНГУ-д амжилттай суралцаад, дараа нь тэр үед дөнгөж олгож эхлээд байсан ногоон картын эрх авч одоог хүртэл тус улсад мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа юм. 2001 онд намайг Ханновер хотод байх үед багш 7 хоногийн хугацаатай манай хотод томилолтоор ирж бид хэдэн үдшийг beer уун, сайхан хууч хөөрч өнгөрөөж байсан.
Ариунбат багш энэ хичээлийг заахдаа оюутнуудаас өөрийгөө дайчлан, онолын сэдвүүдийг өөрийн өнцгөөс харж чөлөөтэй сэтгэн баяжуулж, өөрийн загвар үйлдлийн системийг төсөөлөн бий болгохыг чухалчилж заадаг багш байсан. Дүгнэх тал дээр харин нэлээд хатуу дүгнэдэг байсан ба манай ангийн оюутнуудаас ердөө 3-4 хүн энэ хичээл дээр тэнцэж бусад нь дараагийн семестерт нөхөж гаргуулахаар болж байсан.
Миний бие энэ хичээлийг Ариунбат багшаас хүлээн авч, 1997 - 2004 он хүртэл КтМС-д багшилж байх үедээ зааж байсан. Энэ хичээлийг хэрхэн яаж зааж байсныг маань оюутнууд маань л хэлэх байх. Дам сонсоход надаас оюутнууд маш их айдаг байсан бололтой юм билээ. Хэхэ, нэлээд ширүүн нөхөр байсан байх нь дээ.
2002 оны сүүлээр Старсофт ХХКомпаниа байгуулсны дараа компани болон сургуулийн ажлыг хослуулан хийх болсон. Тэгээд нэлээн зав багатай болсон тул ачааллаа багасгахаар шийдэж, дөнгөж төгсөн шинээр багш болсон өөрийн шавь Ц.Дүүрэнбаярыгаа энэ хичээл дээр туслах багшаар ажиллуулахаар сонгосон.
Ц.Дүүрэнбаяр шавийгаа эхлээд лабораторийн хичээл хамгаалуулдаг байсан ба нэг удаа лекц заалгахаар шийдэж, лекц заалгасан үеийг би маш сайн санадаг юм. Учир нь анх удаа лекц заахдаа мань хүн маш ихээр сандарч, тэвдсэн юм. Магадгүй анх удаа орж байгаа бас дээр нь багш нь лекцийн танхимийн хамгийн хойд талд суучихаад ажиглаж байсан учраас тэгж тэвдсэн байх талтай. Харин би тэр үед анх удаа лекц орохдоо би ч бас ингэж байсан байхдаа хэмээн толинд өөрийгөө харсан мэт сэтгэгдэл төрж суусныг нуух юун.
Удалгүй удирдлагуудын шаардлагаар салаа замын аль нэгийг сонгох болж КтМС-ээс гарахдаа шавьдаа хичээлээ хүлээлгэн өгснөөс хойш 5 жил энэ хичээлийг заасангүй.
Харин одоо өөрийн үүсгэн байгуулсан мэдээллийн технологийн СТАРС дээд сургуульд уг хичээлийг дахин зааж эхэллээ.
Сайн байна уу? Та.
Нээрээ л Ариунбат багш маань оюутан саргах аргачлалаараа эрс ялгарч байсан шүү. Биднийг аль болох бүтээлч, бас аль болох ажлыг цогцоор хийхийг шаарддаг, өвөрмөц үнэлэх аргачлалтай багш байсан. Манай ангиас бас олон хүүхэд унасан ч, бүгдээрээ л Ариунбат багшид талархалтай байсан санагдана.
Харин сүүлд сургуулиа төгссөний дараа таны лекцыг олж уншаад, бидний үед ийм гарын авлага байсан ч болоосой гэж бодогдсон шүү. Сайн судалж, бодож, үгийн сонголт найруулга дээр хүртэл нарийн анхаарсан нь ажиглагдсан. Ажлыг сайтар тунгааж, high quality бүхий хийдэг хүн байна даа гэж хувьдаа дүгнэж байлаа. Одоо ч тэр лекц надад байгаам байна. :)
Нээрээ бидний үед
1-р курсдээ XT маркийн машин дээр уян дискээр систем уншуулж,
2-тоо 2.86,
3-таа 3.86 дээж ажиллаж,
4-төө 4.86, Pentium дээр ажиллаж, интернетийн гайхамшгийг мэдэрч байлаа. :)
Уг нь 1-т байхад 3.86-тай компьютер байсан л даа. Даанч тэрэнд нь 1-р курсын нусгай бидэнд олдохгүйшд. XТ-ч олдохгүй дээ. Цаасан дээрээ л бүх бодлогоо компьютер дээр хийж байгаа юм шиг нэг цэгийн зөрүүгүй л начигнуулдаг байлаашд гэж. :)
Ямартай ч сурсан, мэдсэнээ бусдад хүргэхээр зорьж байгаад тань талархая.
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Оюутан байх үеээ дурсаад бичсэнийг минь уншаарай.
http://ulzii-orshikh.blogspot.com/2009/01/blog-post_08.html
Сайн уу, багш аа?
Хүнд хичээл байсан шүү. хэ хэ
Хичээлээ ирэх жилээс бүрэн шинэчилэхээр төлөвлөж байна. Лекцийн агуулга, слайд, семинари, лаб, бие даалтын агуулгуудыг бүгдийг нь шинээр хийнээ. Нэг бол их хүндэрнэ, нэг бол их амархан болгох байх, одоохондоо эргэлзээд л байна.