Дээр өгүүлж байсанчлан би ШУТИС, КТМС-д багшаар орсон цагаасаа эхлэн "Үйлдлийн системийн онол" хичээлийг заасан бөгөөд лекцийн материал, лабораторийн материал, бие даалтын материал, семинарын материалыг бүгдийг нь багшилж байх хугацаандаа боловсруулсан билээ. Ингэхдээ өөрийн багш Д. Ариунбатын боловсруулсан гар ноорог болон гадны бусад томоохон их сургуулиудад ашиглагддаг мэргэжлийн ном сурах бичгийг ашигласан болно.
Одоо миний бие "Үйлдлийн системийн онол" хичээлийн шинэ сурах бичиг боловсруулахаар шийдсэн тул өмнө нь боловсруулсан лекцийн материалаа энэ хичээлийг судалж байгаа оюутан залуус болон хичээлийг зааж буй мэргэжил нэгт багш нарт зориулан дэлгэж байна.
Жич : Энэ материалыг аливаа хэлбэрээр ашиглахад үнэгүй бөгөөд нээлттэй болно. Гэхдээ ном товхимол, сонин сэтгүүл, гарын авлага, вэб агуулга, бусад хэлбэрээр ашиглахдаа нэрийг минь болон блогийн минь хаягийг дурдаж байх ёстой гэдгийг анхаарна уу.
Тооболс : Тооцоолон боловсруулах систем, компьютерийн систем
Тооболс гэдэг нь техникийн хувьд оруулах , гаргах, дамжуулах, боловсруулах дэд системүүд болон дэд системүүдийнхээ төхөөрөмж, түүнийг бүрдүүлж байгаа техник хэрэгслүүд (… радио деталлууд, хагас дамжуулагчид, механик төхөөрөмжүүд болон бусад хэрэгслүүд буюу тодорхой зориулалттай функциональ хэсгүүд) , хүний хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа янз бүрийн төвшинд боловсруулагдсан программуудын нийлмэл цогц юм. Тооболсууд нь янз бүрийн зориулалттайгаар боловсруулагдана. Жишээ нь: Технологийн процесс удирдах тооболс, оношилгооны тооболс , ерөнхий зориулалттай тооболс, тусгай зориулалтын … г.м
Багаж -> хэрэгсэл -> механик -> автомеханик ->автомат -> тооболс -> ухаантай систем
1.1 Тооболсын үндсэн элементүүд
Дээд түвшинд харвал компьютерийн систем нь процессор , санах ой , оролт гаралтын төхөөрөмжөөс бүрдэнэ.
- Процессор - Тооболсоор гүйцэтгэгдэх үйлдлүүдийг удирдаж , өгөгдөл боловсруулах үүргийг гүйцэтгэдэг. Системд зөвхөн нэг процессор байгаа үед түүнийг төв процессор гэж (CPU – Central Processing Unit ) үздэг.
- Үндсэн санах ой - Программ болон өгөгдлүүдийг хадгалах зориулалттай.
- Оролт гаралтын модуль - Компьютерийн систем болон гадаад орчин хоёрын хооронд өгөгдлийг зөөх зориулалттай. Гадаад орчин гэсэн ойлголтонд гадаад төхөөрөмжүүд, гадаад санах санах ой, сүлжээ холбооны төхөөрөмжүүд , терминалууд багтана.
- Системүүдийг холбогч - Процессор , санах ой, оролт гаралтын модулийн хооронд холболтын үүрэг гүйцэтгэх механизм, бүтэц, элементүүд юм.

Процессорын үйл ажиллагааны нэг хэсэг нь санах ойтой өгөгдөл солилцох явдал юм. Процессор энэ зорилгоор хоёр дотоод регистрийг ашигладаг. СХР нь санах ойгоос өгөгдөл унших, бичих хаягийг агуулдаг. СБР нь санах ойд бичигдэх өгөгдлийг агуулна эсвэл санах ойгоос уншигдах өгөгдлийг агуулна. Үүнтэй адилаар ОГ ХР нь тухайн оролт гаралтын төхөөрөмжийг заана, харин ОГ БР нь оролт гаралтын модуль болон процессорын хооронд өгөгдөл солилцоход ашиглагдана.
Санах ойн модуль нь дэс дараалан дугаарлагдсан хаягуудаар тодорхойлогдох үүрүүдээс тогтоно. Үүр болгон нь эсвэл команд болж ойлгогдох эсвэл өгөгдөл болох хоёртын тоон утгыг агуулна. Оролт гаралтын модуль нь төв процессор, санах ой, гадаад төхөөрөмжийн хооронд өгөгдөл дамжуулна.
0 сэтгэгдэл
Post a Comment